Монгол бөх альбом

Монголчууд бидний бахархал болсон улсын аварга, арслан, гарди, заан, харцага, начин бөхчүүдийнхээ гэрэл зургийн цомгийг бөхийн хорхойтон та бүхэнд өргөн барьж байгаадаа баяртай байна.


Би хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг байсан тэртээ жараад онд олон ястан, үндэстний өлгий Ховд аймгийн нутаг Цаст Алтай нурууны Бууралхайрханы хормойд төрж, тэр сайхан хангайдаа үеийн хөвгүүдтэй барилдаж, дээлээ урж өссөн нэгэн. Хэдийгээр аймаг хошуугаа дуудуулсан алдартай сайн бөх болоогүй ч хүүхэд байхаасаа энэ цаг үе дор амьд домог болон дуурссан хүчтэнүүдтэй ойр дотно явж, эдүгээ ч олон олон бөхчүүдтэй хуурай ах дүү, найз нөхөд байгаа нь өөрөө ч үл тайлах бурхны хишиг, надад тохиосон хувь зохиол гэж итгэн сүслэнэм.


Тиймээс монгол бөхөд сэтгэлээ өгч, бөхчүүдээ алдаршуулан дуулах нэгэн зорилго өвөрлөж явдаг юм. Урьд нь ч ийм байсан, хойшид ч тийм л байх болно. Миний бие 1925 оны Улсын анхдугаар баяр наадмаас хойшхи наадмын бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн барилдааны дүйз, тухайн баярт амжилт гаргасан хүчтэнүүдийн гэрэл зургаар баяжуулсан "Улсын баяр наадам" номыг 2004 онд, мөн Монголын тулгар төрийн 800 жилийн ойд зориулан Улсын баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдийн тухай "Монгол бөх. Улсын баяр наадам" VCD гаргаж бөхөд хайртай зон олондоо хүргэсэн билээ.


Номын нэр: Монгол бөх Альбом
Зохиолч: Ширнэнбандийн Адьшаа
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: "Баянмонгол" хэвлэлийн газар
Хэвлэсэн он: 2008
Хуудасны тоо: 142

1 comment:

  1. энэ номыг хаанаас авч болох вэ

    ReplyDelete