Ажилд орох дөт зам


Тодд Бермонтын “Ажилд орох дөт зам” номыг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргасанд талархан билэгшээж байна. Энэхүү ном нь ажил хайж буй хүмүүст зориулагдсан боловч байгууллагын хүний нөөцийн менежерүүд, Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутан судлаачид ч ашиглах боломжтой цаг үеийн хэрэгцээг хангахуйц чухал бүтээл болжээ.

СЭЗДС-ийн Сургалт Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал док.проф Д.Гэрэлмаа

Сургуулиа төгсөөд өөрийн сонирхолтой ажилд ороогүй, мөн дуртай ажилдаа ч өндөр албан тушаал хашиж чаддаггүй хүн цөөнгүй байдаг нь тухайн хувь хүн өөрийгөө бусдад зөв таниулах, өөртөө байгаа мэдлэг чадвар, бусдаас ялгарах онцлогоо харуулах чадвар сул, өөртөө итгэх итгэл муутайгаас ихэвчлэн шалтгаалдаг. Хэрэв та анхны байгууллага, ажлаа сонгох, эсвэл ажил, албан тушаалаа өөрчлөхөөр шийдсэн бол энэхүү номыг заавал уншихыг зөвлөж байна.

Мобиком корпорацийн Хүний нөөцийн Ахлах мэргэжилтэн Б.Оюун

“Ажил хайж буй болон ажлаа солихоор завдан буй хэн бүхний ЗААВАЛ унших ёстой сурах бичиг. Өөрөөр хэлбэл ажил хайж буй хүмүүст зориулсан “ЦАГААН ТОЛГОЙ” нь энэхүү ном яахын аргагүй мөн байна.

MCS группын Хүний нөөц сонгон шалгаруулалт хариуцсан менежер Л.Лхагважаргал

Ярилцлагад орж буй залуусаас “Энэ ажил үнэхээр таны хүсэж, зорьсон ажил тань мөн үү?” гэж асуухад итгэл төгс хариулах нь ховорхон байдаг. Өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, амьдралынхаа нэг хэсэг болгох ажлаа хэрхэн зөв сонгох, түүндээ амжилттай хүрч, сэтгэл хангалуун ажиллахад туслах үнэт зөвлөгөөгөөр дүүрэн энэ номыг эх хэлээрээ унших боломжтой болсонд баяртай байна. Ажил хайж буй хэн бүхэнд энэхүү ном өгөөжөө өгч, дөт зам мөрийг зааж чадна гэдэгт итгэж байна.

Мобиком корпорацийн Хүний нөөцийн менежер З.Дэлгэрмаа



ЗОХИОГЧИЙН ҮГ


Хүндэт уншигч танаа,

Энэхүү номонд өгүүлсэн бүх зүйл миний үзэж туулсан амьдралаас эхтэй бөгөөд, энэ номоор дамжуулан гэрээт ажил болон орон тооны ажлын байр хайж, ажилд орох ярилцлага хийж байсан туршлагаасаа тантай хуваалцахыг хүссэн юм.

Ажилд орохын тулд хэрхэх ёстой талаарх зааврыг алхам алхмаар тайлбарлах хэлбэрээр энэхүү номыг бичлээ. Ажил хайх тухай таны санаа бодол орвонгоороо өөрчлөгдөж, шинэ өнцгөөс нь олж хараасай гэсэн миний чин хүсэл энэ номонд шингэсэн юм. Тэр тусмаа ажилд авах ярилцлага өрнөдөг тэр л ширээний араас би тантай өөрийн туршлагаа хуваалцаж байгаа юм шүү.

Хэрэв та ажил хайж байгаа бол энэ номыг уншаад маш том давуу талыг олж авахаас гадна, ажил хайх нь үнэн хэрэгтээ хөгжилтэй, зугаатай “ажил” болохыг ойлгож мэдэх болно.

Энэ номонд орсон миний зөвлөгөө, зөвлөмж, арга техник нь таныг зөвхөн ажил хайж байх үед чинь биш, амьдралдаа алхам тутам хэрэгжүүлэх мөрдлөг болно гэж найдаж байна. Таалан соёрхоно уу.

Тодд Л.Бермонт

ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Юуны өмнө уншигч Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Таны ажлын амжилт, амьдралын сайн сайханд бага ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэлдээ хөтлөгдөн Тодд Бермонтын “Job Hunting” номыг “Ажилд орох дөт зам” нэртэйгээр орчуулан гаргаж байна. Уншигч та энэхүү номыг аваад, шимтэн уншиж байгаа нь мөрөөдлийнхөө ажилд орж, түүндээ амжилт гарган, хувийн амьдралдаа төдийгүй улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэнэ.
Хүн бүр өөрийн ур чадвар, дур сонирхол, хүсэл мөрөөдөлдөө тохирсон ажлыг хийх нь хамгийн чухал. Өнөөдөр эзэмшсэн боловсрол, мэргэжлийнхээ дагуу амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуус маш олон байгаа. Түүний сацуу огт өөр хөндлөнгийн салбарт амжилттай ажиллаж байгаа нь ч цөөнгүй байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, өөртөө тохирох ажлыг олтлоо цөхрөлтгүй эрэх хэрэгтэй. Та ямар ч мэргэжил эзэмшсэн байж болно. Гагцхүү өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг хийх нь танд аз жаргал, амжилтын аль алиныг авчирна.
Гадны орны туршлагаас харахад, залуус нь 10 жилийн боловсрол эзэмшсэнийхээ дараа их дээд сургуульд шууд элсэн оролгүй, бие даан тусдаа гараад, ажил хийж, аялж, өөрөөр хэлвэл өөрийгөө хайх эрэлд гардаг байна. Ингэж явсаар 30 нас шүргэхийн алдад их, дээд сургуулийн босгыг алхаж орох нь энгийн үзэгдэл гэж гадаадад сураад ирсэн нэг найз маань сонирхуулж билээ.
Ингэж мэргэжлээ сонгосон хүн эзэмшсэн мэргэжлээ солих нь тун ховор. Төгсөөд ажлын байраа олоход ч хялбар. Юу хийх, юу хийхийг хүсч байгаагаа алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа хойно арга ч үгүй биз. Та ч гэсэн мэргэжлээ зөв сонгоод, одоо ажлын байраа хайж байгаа бол энэ ном танд дөт замыг гарцаагүй зааж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Хэдийгээр миний бие чадан ядан орчуулж, “Монголчлохыг” хичээсэн ч үндэстэн хоорондын соёл, оюуны ялгааг далдлах арга тэр бүр байсангүй. Тиймээс уншигч та энэхүү номыг өөртөө тусгаж авч, хэрэгжүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай:
  • Монголд байгууллагууд Cover Letter бичүүлэх нь тун ховор. Бараг бичүүлдэггүй. Харин ажилд орохыг хүссэн өргөдөл, 3 –н үеийн түүхээ бичиж ирэхийг хүснэ.
  • Ер нь манайд оффист ажиллахын оронд гэртээ ажилласны төлөө түрээс хэмнэсэн гэж ажилтандаа төлбөр гэж өгч байсан туршлага байхгүй.
  • Ярилцлагад тавигддаг түгээмэл 59 асуултанд хэрхэн хариулах тухай тайлбарлаж буй хэсэгт хариултууд нь цэвэр Америк сэтгэхүйд үндэслэсэн байгааг та тэр дороо ухаарах байх. Монгол хүнд тийм хариулт хэлбэл таныг зарим тохиолдолд онгироо, сагсуу хүн гэж бодож магадгүй юм шүү. Тиймээс асуултыг нь ашиглаад, харин хариултыг нь санаа авах төдийд л ашиглаарай.
  • гэх мэт ...
Харин одоо та хүссэн ажилдаа орж чадах ур чадвартай боллоо.
Эцэст нь номонд төдийлөн дурдаагүй нэгэн зүйлийг сануулахад мөрөөдлийн ажилдаа ороод маш сайн ажиллах хэрэгтэй шүү. Тэгэхийн тулд та мэдээж 10-н жилдээ болон их сургуульдаа тодорхой хэмжээнд төлөвшиж, бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Хэрвээ өөртөө тийм ч их итгэлгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Ажилд орох нь бүгдийг шинээр эхэлж байгаатай адилхан. Ноён Бермонт бид хоёр Таныг чадна гэдэгт итгэл дүүрэн байгаа. Танд зөвхөн АМЖИЛТ хүсье!


Номын нэр: Ажилд орох дөт зам 
Зохиолч: Тодд. Бермонт
Орчуулсан: Чонос овогт Н.Хашбат
ISBN код: 978-99929-3-123-X
Хэвлэсэн газар: ”Урлах Эрдэм” ХХК
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 146

No comments:

Post a Comment